Төслийг хэрэгжүүлэх үндэслэл, үр дүн

Манай орны хувьд аж үйлдвэрийн хөгжлийн асуудлыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан тухайн орон нутгийн түүхий эд, харьцангуй давуу талд тулгуурлан үйлдвэрлэлийн чиглэлийг тогтоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогцолборыг зохион байгуулалттай хөгжүүлэх замаар үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийг хангаж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах нь тулгамдсан зорилт болж байна.

  • Хурдацтай хөгжиж буй Монгол улсад төмрийн эрэлт хэрэгцээ өсөх хандлагатай байна. Монгол улсын барилгын арматур бүтээгдэхүүний хэрэглээ 2000 оноос эхлэн тасралтгүй өсөн нэмэгдэж энэ оны байдлаар 300,0 мян.тн хүрч цаашид өсөх хандлагатай байна.
  • Бүтээн байгуулалтын хөтөлбөрүүд хэрэгжсэнээр төмрийн хэрэгцээ нэг сая тоннд хүрч, барилгын арматурын хэрэгцээ одоогийнхоос 70 хувь өсөх тооцоо гарсан байна.
  • Барилгын материалын үйлдвэрлэл хөгжсөнөөр зардал буурч иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлөх боломжтой.

Төсөл хэрэгжсэнээр уул уурхайн салбарын олборлолтоос гарсан түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх боломжтой юм. ЦНЗ-ны үндсэн түүхий эд болох хаягдал төмрийн дотоодын нөөц эрс ховордсон, түүний зах зээлийн үнэ огцом өсч импортоор авч ашиглах бололцоогүй байдалтай байгаа нь тухайн үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүчин чадал ашиглалтыг нэмэгдүүлэхэд манай улсын нөхцөл байдалд тохирсон металлургийн шинэ техник, технологи нэвтрүүлэн ашиглах асуудалд анхаарлаа хандуулж, ажил хэрэг болгох цаг нэгэнтээ бидний өмнө тулгараад байна.

Төсөл хэрэгжих газар

Төслийн байршил нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багын нутагт бөгөөд “Хөх ган” ХК ангижруулсан төмрийн үйлдвэр, Домен зуух бүхий шингэн ширэмийн үйлдвэр зэрэг түүхий эдийн тасралтгүй нөөц бололцоо бүхий дэд бүтэц, зах зээл харьцангуй сайн хөгжсөн, Монгол Улсын Их хурлын тогтоолын дагуу зөвшөөрөгдсөн “Үйлдвэр, технологийн парк”-ийн бүс нутагт оршино. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутагт  15.6 га газарт байрлах юм.

Үйлдвэрийн нийт хэрэгцээт төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал зэргийг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн төмөр замаар холбогдсон ордуудаас тээвэрлэх бөгөөд энэ нь эдийн засаг болон байгаль орчинд ээлтэй хамгийн боломжит тээвэрлэлт юм. Эдгээр ордуудад Архангай аймгийн Тамирын голын бүлэг орд, Булган аймаг Бүрэгхангай сум Худаг байшинтын төмрийн орд, Дархан-Уул аймаг Төмөртолгойн орд, Сэлэнгэ аймаг Төмөртэй, Баянголын орд, Хэнтий аймаг Баргилтын орд зэрэг хамаарна. Төслийн дагуу үйлдвэрлэлийн түүхий эд болох шууд ангижруулсан (DRI), хаягдал төмөр, кокс, шатаасан шохой, доломит, жонш зэргийг хүлээн авч боловсруулалт хийж эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Шингэн ганг хоёр урсгал бүхий тасралтгүй цутгах машинаар 130×130 мм, 150х150 мм хөндлөн огтлолын талбай бүхий бэлдэц-биллет үйлдвэрлэнэ. Цутгамал бэлдцийг дахин халааж цувиж D14-D35 мм голчтой цувимал ган бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Барилгын арматурын үйлдвэрийн 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага болон бусад бүх хүчин зүйлийг тооцож, шууд ангижруулсан төмөр тасралтгүй ачаалах систем, шингэн ширэм ачаалах, ШАТ хайлах Японы NIKKO фирмийн 25 тоннын ультра өндөр чадлын (UHP AC EBT) цахилгаан нуман нэг зуух, шанаганд боловсруулалт хийх 25 тоннын (LF) төхөөрөмж нэг ширхэг,  Японы MHESIS фирмийн дөрвөлжин биллет тасралтгүй цутгах 2 урсгалт 1 машин (CCM) байхаар сонгов.
Энэ сонгосон агрегат нь “хэт өндөр чадлын (UHP) цахилгаан нуман зуух”, “шингэн металлыг боловсруулах шанага”, “хоёр урсгалаар биллет цутгах тасратгүй цутгах машин” үндсэн агрегатуудаас тогтсон шингэн металл боловсруулах систем бөгөөд халуун металл цацагдахаас хамгаалагдсан, шаарыг шүүж авах, шанаганд аргоны хийгээр  боловсруулах, тасралтгүй цутгах зэрэг процессыг тодорхой өгөгдлийн дагуу шингэн металл үйлдвэрлэл, химийн найрлага, цэвэршүүлэх болон зуухны гаднах боловсруулалтыг хянах болон удирдах  ажлыг программ удирдаж хийх боломжтой бүрэн автоматжуулагдсан үйлдвэр байна.

Цувимал үйлдвэрлэх цех нь дахин халаах зуух, эхлэн цувих машин, завсарын болон төгсгөлийн цувих машин, хөргөх тавцан, бүтээгдэхүүнийг тайрах, боох тоноглолуудаас бүрдэнэ.
Төслийн дагуу жилд 100,000 мянган тонн D10-D35 мм халуунаар цувигдсан ган туйван буюу ган цувимал үйлдвэрлэнэ.          Төслийн төлөвлөлтийг Монгол улсад мөрдөж буй MNS JIS G 3112 стандартын дагуу үйлдвэрлэлийг явуулна.

Тус төслийг хэрэгжүүлснээр

 

  • Манай улсын гангийн болоод төмрийн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 300-аад мянган тонн боловч үүнийхээ 80 гаруй хувийг  өмнөд хөршөөсөө импортолж байна. Энэхүү импортын хараат байдлаас гарах, барилгын арматурын импортын хэрэглээг багасгаж хэрэгцээт зах зээлийн ихэнх хувийг дотоодоосоо хангах боломжтой болно. 
  • Монгол улсад төмрийн хүдрийг бүрэн боловсруулан эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх металлургийн анхны цогцолбор үйлдвэр бий болно.
  • Дэлхийн хэмжээний тэргүүлэх дэвшилтэт техник, технологийг металлургийн салбарт нэвтрүүлнэ.
  • Орхон аймгийг хөгжүүлэх, орон нутгийн хөгжилд тодорхой ахиц үзүүлнэ.
  • Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нэмүү өртөг шингэсэн олон төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлнэ.
  • Бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, зах зээлд олон бүтээгдэхүүнийг санал болгох, экспортын чадавхийг шинэ нэр төрлийн цувимал, ширэм  болон ган бэлдэцээр үлэмж нэмэгдүүлэх бололцоо бүрдэнэ.
  • Бүтээгдэхүүн борлуулалтын зах зээлийг өргөтгөх, Монгол улсын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна.
  • Шинээр 600 орчим ажлын байрыг бий болгож, металлургийн мэргэжилтэй боловсон хүчнийг шинээр бэлтгэж, сургаж дадлагажуулна.
  • Хүнд үйлдвэрийн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ.